Танилцуулга

Цахим аюулгүй байдлын " Харуул Занги" Тэмцээн. Өрсөлдөөн. Туршлага. Мэдлэг.


Эрхэм Зорилго

Олон нийтэд мэдээллийн аюулгүй байдлын талаархи үнэн, зөв, бодитой ойлголт, мэдлэгийг бий болгох, төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх

Мэдээллийн аюулгүй байдлын салбарт шинэ санаа, арга, авъяас чадвартаныг илрүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бий болгох замаар чадавхи бий болгох

Мэдээлэл, холбооны технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх


Хамрах хүрээ

Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр өөрийнхөө ур чадвар, мэдлэгийг сорих, олон нийтэд танигдахыг хүсэж буй бүх хүнд нээлттэй. Оролцогчид багт харъяалагдах ёстой. Баг нь ахлагчаас гадна хоёр, нийт гурав хүртэл гишүүнтэй байж болно. Багийн ахлагч нь баг, зохион байгуулагч, шүүгч нарын хоорондын бүх холбоог хариуцаж, багаа удирдан зохион байгуулна.


Олон улсын CTF дэмжлэг

Нэг. Ерөнхий зүйл

  1. “Харуулзанги” ёс зүйт хакерын тэмцээнд оролцогчдын баг (цаашид “баг” гэх) олон улсын ёс зүйт хакерын тэмцээн (Capture-the-Flag буюу цаашид “олон улсын тэмцээн” гэх)-д амжилттай оролцож, сүүлчийн (final) шатад шалгарсан тохиолдолд MNCERT/CC төвөөс (цаашид “төв” гэх) санхүүгийн дэмжлэг болон багийн спонсор байгууллага олоход өөрийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлж болно.  

  2. Төвөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг нэг жилд хамгийн ихдээ 5’000’000 (таван сая) хүртэлх төгрөгөөр хязгаарлагдана. 

  3. Төв нь санхүүжилт хүссэн багт 5’000’000 (таван сая) төгрөгөөс бага хэмжээний дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж болно. Мөн түүнчлэн тухайн жилд төсөвлөсөн 5’000’000 (таван сая) төгрөгийг нэгээс олон багт хуваан олон багт санхүүжилт үзүүлж болно.

  4. Дэмжлэг хүссэн багт үзүүлэх дэмжлэгийн төрөл, хэмжээг энэхүү журмыг үндэслэн төвийн гүйцэтгэх удирдлага шийдвэрлэнэ.

  5. Хэрвээ баг нь зөвхөн санхүүгийн дэмжлэг хүссэн бөгөөд төвийн тухайн жилд олгох санхүүгийн дэмжлэгийн хязгаарт хүрсэн бол төв тухайн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж болно.

  6. Төвийн гүйцэтгэх удирдлага багийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрийг гаргаж, тухайн багт мэдэгдэх үүрэгтэй. 

  7. Төв нь үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийн зарцуулалтыг хянах, шаардлагатай тохиолдолд тухайн багаас санхүүжилтийн зарцуулалтыг баримтаар баталгаажуулахыг шаардах эрхтэй байна. Хэрвээ, тухайн баг санхүүгийн дэмжлэгийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд төв тухайн санхүүжилтийг буцаан нэхэмжлэх эрхтэй.


Хоёр. Багт тавигдах шаардлага, багийн эрх, үүрэг

  1. Багийн гишүүн бүр өмнө нь “Харуулзанги” ёс зүйт хакерын тэмцээний финалын шатанд шалгарсан байх.

  2. Багийн гишүүн бүр өөрийгөө “Харуулзанги” ёс зүйт хакерын тэмцээний финалын шатанд шалгарч байсан болохоо үл маргах зарчмаар нотолж чадаж байх. 

  3. Олон улсын тэмцээний онлайн шатад (эсвэл шатуудад) амжилттай оролцож, тэмцээн зохион байгуулагчдаас сүүлчийн шатанд биеэр ирж оролцох урилга авсан байх.

  4. Санхүүгийн дэмжлэг авсан баг авсан санхүүжилтээ зөвхөн олон улсын CTF тэмцээнд оролцох, түүнд хамаарах зардалд ашиглана. Хэрвээ баг нь санхүүжилтыг зориулалтын дагуу зарцуулаагүй тохиолдолд төвийн нэхэмжлэлийн дагуу, төвийн анхны шаардлагаар санхүүжилтийг бүтнээр нь буцаан шилжүүлэх үүрэгтэй.

  5. Баг нь төвийн шаардлагын дагуу санхүүжилтийн зарцуулалтыг тайлагнах үүрэгтэй.


Гурав. Олон улсын ёс зүйт хакерын тэмцээнд тавигдах шаардлага

Энэ журмын 1 дэх хэсгийн 1-т заасан олон улсын ёс зүйт хакерын тэмцээн гэдэгт дараах нөхцөлийг хангасан байна:

  1. Олон улсын тэмцээн нь жил бүр зохион байгуулагддаг байх.

  2. Олон улсын тэмцээн нь эхний шатаа (эсвэл шатуудаа) онлайнаар зохион байгуулдаг байх.

  3. Олон улсын тэмцээн нь онлайн шатад (шатуудад) өндөр амжилт үзүүлсэн багуудаа онсайт шатанд нь биеэр ирж оролцохыг урьдаг байх.

  4. Тухайн олон улсын тэмцээн нь нэр хүндтэй дээгүүр ранктай байх. 


Дөрөв. Дэмжлэг авахыг хүссэн багийн бүрдүүлэх материал

  1. Багийн ахлагчийн дэмжлэг хүссэн өргөдөл.

  2. Багийн бүх гишүүд “Харуулзанги” тэмцээний финалд шалгарч байсныг нотлох нотолгоо.

  3. Олон улсын CTF тэмцээний эхний шатанд тэнцэж, онсайт шатанд уригдсаныг илтгэх урилга.

  4. Олон улсын CTF тэмцээний танилцуулга, чансааг харуулсан чанарын оноо.

  5. Багийн бүх гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

  6. Дэмжлэг хүлээн авах банкны нэр, данс эзэмшигчийн нэр, дансны дугаар.


Тав. Бусад

  1. Төвийн гүйцэтгэх удирдлагын шийдвэр эсхүл Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээр олон улсын CTF-ийн чансаа шаардлагад нийцэхгүй байвал, төв тухайн багт дэмжлэг үзүүлэхээс татгалзах эрхтэй.

  2. Төвийн гүйцэтгэх удирдлага шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн багаас нэмэлт материал хүсэх, тухайн багтай ярилцлага хийх хүртэл арга хэмжээг авах эрхтэй.

  3. Энэ журамд заагаагүй бусад асуудлыг Төвийн дүрэм, бусад хэм хэмжээгээр зохицуулна.